Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Монгол Улсад шинээр томилогдсон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг наймдугаар сарын 10-нд хүлээн авлаа. Дэд сайд Элчин сайдад ажлын амжилт хүсэж, хоёр улсын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.
Талууд харилцааны түвшнийг ахиулахад чиглэсэн баримт бичгүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Эдвин Самуэл бүрэн эрхийн хугацаандаа хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ.
Эх сурвалж
- MONTSAME News Agency 2026.08.11